Утас: (976) 75992505
Хаяг: Шилэн пирамид оффис, Олимпийн гудамж, СБД 1-р хороо
Имэйл: contact@tpp5.mn
blog img

Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо.

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль тогтоомжид нийцүүлэн дотоодын зах зээлд 2026 онд багтаан төслийн хэрэгжилттэй уялдуулан үе шаттай арилжаалах эрхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт олголоо.

         Тус төсөл нь Өрийн удирдлагын тухай хуулийн шаардлагууд болох дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг баталгаажуулсан байх зэрэг шаардлагыг хангажээ.
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлнэ, эрчим хүчний салбарт урт хугацааны тогтвортой шийдлийг бий болгох ач холбогдолтой гэж үзэж буй юм. 
       Төсөл ашиглалтад орсноор Монгол Улсын эрчим хүчний системийн тогтвортой байдал, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, III, IV болон I хорооллыг дулаанаар хангах, одоо ажиллаж буй ДЦС-уудын ачааллыг бууруулж, системийн дэд бүтцийг найдвартай байлгах ач холбогдолтой. Мөн станц ашиглалтад орсноор шинээр 100 мянга орчим айл өрхийг цахилгаан, 40 мянган айл өрхийг дулааны эрчим хүчээр хангана. 
Төслийн барилга угсралтын явцад 1600, ашиглалтад орсноор 370 гаруй байнгын ажлын байр бий болно.           Дулааны тавдугаар цахилгаан станц нь 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сан дээр 26 га талбайд барьж, 2028 онд ашиглалтад оруулна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж, “Митайм Интернэйшнл” компани шалгарсан. 2025 оны аравдугаар сарын 16-ны өдөр НИТХ-аас нийслэлийн Засаг даргад тус төслийн түншлэгчтэй гэрээ байгуулах эрхийг олгосон билээ. ДЦС-5 төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөл гэдгээрээ онцлогтой юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлэхээр төлөвлөөд байна.