БИДНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг үндэслэн “Цахилгаан станцуудыг өргөтгөж, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, шинэ эх үүсвэрийг барьж, цахилгаан эрчим хүчээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилго”-оор “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийг түшиглэн эрчим хүчний нэгдсэн системийн оргил ачааллын горим тохируулгын цахилгаан станцыг барих шийдвэрийн дагуу Эрчим Хүчний Яамны дэмжлэгтэйгээр 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Эрчим хүчний группийн Тяньжины эрчим хүчний барилга угсралтын компанитай 300МВт-ын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр станцын үнсэн сангийн талбайд 300МВт-ын хүчин чадал бүхий орчин үеийн дулааны цахилгаан станц байгуулах техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг дэмжиж батлуулсан.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтууд болох 4.2.34. Эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг хангах дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөж, шинэ цахилгаан станц барьж дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цахилгаан эрчим хүч экспортлох, Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд тусгагдсаны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Дулааны хоёрдугаар цахилгаан станц”-ыг өргөтгөх, “Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг барих асуудлыг судалж, танилцуулахыг даалгасан.
Уг шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 25/22 дугаар тогтоолоор “Дулааны тавдугаар цахилгаан станц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан.